Банк ба түүний үйл ажиллагаа
банк, банкны систем, үйл ажиллагаа

Банкнууд нь эдийн засгийн систем дэх мөнгөний эргэлтийг хурдасгаж, аж ахуйн болон мөнгө санхүүгийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг нэн чухал зуучлагч бүтэц юм. Хэрэв эдийн засгийн системийг хүний биеийн организмтай жишиж үзэх аваас банкнууд нь түүний цусны эргэлтийг хурдасгаж, нийт организмын хэвийн үйл ажиллагааг хангагч хүчин зүйл гэсэн үг юм. Банк хэдэн мянган жилийн өмнө үүссэн бөгөөд эртний Грек, Ром, Вавилон зэрэг эзэнт улсад үйлчилж байсныг түүхийн баримтууд нотолж байна. Банк үүсэн бий болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх нэг том нээлт бөгөөд түүний ачаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах боломж нээгдсэн билээ.

Банкны тухай Монгол Улсын хуульд "банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан Мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрлөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг" хэлнэ гэжээ. Банк нь өмчийн хэлбэрийн хувьд төрийн, хувийн, холимог гэж, үүсгэн байгуулагдсан хэлбэрийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат гэж, үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн гэж ялгагддаг. Банк дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд:

  • Мөнгөн хадгаламж авах;
  • Зээл олгох;
  • Харилцагчийн төлбөр, хийх;
  • Бусад хуулийн этгээдэд баталгаа гаргах;
  • Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;
  • Үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;
  • Гадаад төлбөр тооцоо хийх;
  • Үнэт цаас гаргах, худалдах, тооцоо худалдан авах;
  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах;
  • Үнэт зүйл хадгалах;
  • Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах.

Банк эдгээр үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагааг эрхэлж болно. Үүнд:

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх;
  • Итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх;
  • Даатгалын зуучлагч хийх;
  • Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх;
  • Кастодиан;
  • Факторингийн үйлчилгээ үзүүлэх.

Банк нь удирдлага, зохион байгуулалтын хувьд хувьцаа эзэмшигчийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл ба гүйцэтгэх удирдлагатай байна. Хувьцаа эзэмшигчийн хурал нь банкны эрх барих дээд байгууллага бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөл нь төв банктай зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

Банк нь өөрийн хөрөнгөтэй байна. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг төв банк тогтоодог.

0.00%
банк
банкны систем
үйл ажиллагаа
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.