Зээлийн шугам нь арилжааны банк ба компанийн хооронд тодорхой хугацааны туршид тогтоосон хэмжээний эх үүсвэрээр зээлжүүлж байх гэрээ юм. Зээлийн шугам нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдах ба зээлдэгчид тодорхой нөхцөл, хязгаарлалт тавьдаг. Зээлийн шугам нь банкнаас баталгаатайгаар зээл олгох хэлцэл биш боловч банканд хүрэлцээтэй хэмжээний эх үүсвэр байгаа тохиолдолд зээлдэгчид тодорхой хязгаарын дотор эх үүсвэр ашиглах боломж олгодог. Зээлийн шугам байгуулахдаа зээлдэгчийн авч болох зээлийн дээд хязгаар буюу лимитийг тогтоож өгнө. Банк компанитай Зээлийн шугам байгуулахдаа компанийн төлбөрийн чадварыг байнга хянаж байдаг. Зээлийн шугам байгуулахад хүүг ихэвчлэн хөвөх буюу уян хатан байдлаар тогтооно. Суурь хүү дээр тодорхой хувийн нэмэгдэл хүүг тогтоох ба энэ нэмэгдэл хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн төлбөрийн чадвараас ихээхэн шалтгаална.
Баталгаат зээлийн шугам байгуулсан үед банк эх үүсвэрийн хүрэлцээ боломжоос үл шалтгаалан тодорхой тогтоосон хязгаарын дотор зээлдэгчийн хүссэн хэмжээний эх үүсвэрээр хангаж байх баталгаа өгдгөөрөө энгийн зээлийн шугамаас ялгаатай. Банк шаардлагатай хэмжээний эх үүсвэрээр хангах баталгаа гаргасныхаа төлөө зохион байгуулалтын шимтгэл авна. Зохион байгуулалтын шимтгэлийг зээлдэгчийн ашиглаагүй үлдсэн эх үүсвэрээс хувиар бодож авна.