Аж ахуйн нэгж ба аж ахуй эрхлэлтийн зохион байгуулалтын хэлбэрүүд
аж ахуй нэгж, компани, нөхөрлөл
Улсын бүртгэлд бүртгүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг аж ахуйн нэгж гэнэ. Аж ахуй эрхлэх зохион байгуулалтын онцлогоос хамаарч аж ахуйн нэгжийг компани, нөхөрлөл, хоршоо, төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэж ангилна.
 
Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөөх хуулийн этгээдийг хэлнэ. Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай ба хувьцаат гэсэн хэлбэртэй байна.
 
Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
 
Хувьцаат компани (ХК) нь нээлттэй ба хаалттай гэсэн төрөлтэй байна. Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арил- жаалагддаг компанийг хэлнэ.
 
Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.
 
Нөхөрлөл гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар байгуулагдсан аж ахуйн нэгжийг хэлнэ. Нөхөрлөл нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай, хязгаарлагдмал хариуцлагатай гэсэн хэлбэрүүдтэй. Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
 
Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.
 
Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр, аж ахуйн газрууд нь гол төлөв аж ахуйн тооцоотой ажилладаг. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааныхаа орлогоор зарлагаа бүрэн нөхөж, ашигтай ажиллах зарчмыг баримтална.
 
0.00%
аж ахуй нэгж
компани
нөхөрлөл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.