Аливаа хувь хүн ба фирм өөрийн хязгаарлагдмал нөөц, хөрөнгө, цаг хугацаагаа юунд зарцуулах вэ гэдгийг бодож, тооцож аль нэг сонголт хийдэг. Жишээ нь, оюутан амралтаараа амралтад явах уу, эсвэл ажил хийж мөнгө олох уу гэдэг сонголтын өмнө ирнэ. Хэрэв оюутан амралтад явахаар шийдсэн бол ажил хийж мөнгө олох боломжоо алдана. Үүнээс үзэхэд хязгаарлагдмал нөөц, боломжийн дундаас аль нэг хувилбарыг сонгоход нөгөө хувилбарыг нь алдаж байна гэсэн үг. Иймд алдагдсан боломжийн өртөг бол сонгоогүй алдсан бараа, үйлчилгээний өртөг юм. Тэгэхдээ алдагдсан боломжийн өртөг нь аль нэг сонголтын шууд өртгөөс гадна уг сонголтын бүхий л үр дагаврын өртгийг тооцно. Жишээ нь, оюутан өвлийн амралтаараа 10 хоног амралтад явахдаа 70.0 мянган төгрөг зарцуулжээ. Гэтэл үүний оронд 10 хоног ажил хийсэн бол 80.0 мянган төгрөг олж болох байж. Тэгвэл оюутны тэр шийдвэрийн алдагд- сан боломжийн өртөг 70000 + 80000 = 150000 төгрөг болж байна. Тэгэхдээ оюутан сайхан амарч, дараагийн улиралд амжилттай суралцах боломжтой болсон бөгөөд энэ боломжийн өртгийг тооцоолж болдог бол дээрх 150.0 мянган төгрөгтэй харьцуулж үзэх ёстой.
Чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл дээр барааны үнэ алдагдсан боломжийн өртөгтэй үндсэндээ тэнцүү байдаг. Ийм зах зээл дээр тухайн барааг худалдаж авах үнийн саналууд ойролцоо, бараг адил байдаг учир хүн уг бараагаа бага үнээр зарж, алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлэх нөхцөл бараг үгүй юм.
текст!