Аудит, бизнес, санхүү

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, бүртгэл болон бусад мэдээллийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, аудитор хараат бусаар шалгаж, үнэн, зөв эсэх талаар дүгнэлт гаргаж, баталгаа өгөх үйлчилгээг аудит гэнэ. Аудит анх XIX зуунд Их Британид үүссэн бөгөөд санхүүгийн тайланг шалгахад чиглэгдэж байжээ.

Аудитыг хийх хугацаагаар нь урьдчилсан ба дараах аудит гэж ангилна. Урьдчилсан аудит нь захиргааны болон санхүүгийн үйл ажиллагааг хийгдэхээс нь өмнө шалгах явдал бөгөөд үйл ажиллагааны дараах аудит нь үйл ажиллагаа хийгдэж өнгөрсний дараа хийх аудит юм.

Аудитыг хэн хийж байгаагаас нь хамааруулан дотоод аудит ба хөндлөнгийн аудит гэж хуваана. Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, баталгаажуулах ба зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой. Дотоод аудит нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын уйл явцын үр нөлөөг үнэлж сайжруулах цэгцтэй арга хандлагыг нэвтрүүлэх замаар зорилтуудаа биелүүлэхэд нь байгууллагад тусалдаг. Дотоод аудитын албыг байгууллагын дотор байгуулдаг. Хөндлөнгийн аудит нь шалгагдаж буй байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ордоггүй, түүнээс хараат бус байна. Гэрээний үндсэн дээр аудит хийж буй хараат бус аудитын компаниуд болон хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аудит хийж буй төрийн аудитын байгууллагыг хөндлөнгийн аудитын байгууллага гэж үздэг. Юуг шалгах гэж байгаагаас нь хамааруулан нийцлийн, санхүүгийн, гүйцэтгэлийн аудит гэж ангилна. Эдгээр нь аудитын үндсэн гурван төрөл юм.

  • Нийцлийн аудит нь хууль тогтоомж, дүрэм журам, байгууллагын бодлого, стандарт мөрдөгдөж буй эсэхийг тодорхойлох зорилготой. Тухайн асуудал холбогдох дүрэм журамд нийцэж буй эсэхийг хараат бусаар шалгах аудитыг нийцлийн аудит гэнэ. Энэ нь хууль тогтоомж, дүрэм журам мөрдөгдөж байгаа эсэхэд хариулт өгнө.
  • Санхүүгийн аудит нь санхүүгийн тайлан материаллаг хэмжээний алдаа мадаггүй, үнэн шударга илэрхийлэгдсэн эсэх, санхүүгийн тайланг бэлтгэн гаргаж буй санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн систем, хяналтууд зохих ёсоор ажиллаж буй эсэхийг тодорхойлох зорилготой. Энэ нь санхүүгийн тайлангууд шударга илэрхийлэгдсэн бөгөөд санхүүгийн системүүд зохих ёсоор ажиллаж байна уу гэсэн асуултад хариулт өгнө.
  • Гүйцэтгэлийн аудит шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгана. Арвилан хэмнэлт нь аливаа үйл ажиллагаанд ашиглах нөөцийн өртөг зардлыг чанарын зохих түвшнийг нь алдагдуулахгүйгээр аль болох багасгах явдал юм. Үр ашиг нь зарцуулсан хөрөнгө нөөцөөсөө аль болох илүү үр дүн, бүтээгдэхүүн гаргаж авах асуудлыг хөнддөг. Үр нөлөө нь дэвшүүлсэн зорилт биелсэн эсэх, төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхийг анхаардаг.

Шалгах асуудлын сэдэв, онцлогоос хамаарч аудитыг мэдээллийн технологийн аудит, хүрээлэн буй орчны аудит, залилангийн аудит, худалдан авах ажиллагааны аудит гэх мэтчилэн төрөлжүүлнэ. Эдгээр аудитыг хийхэд нийцлийн аудит, санхүүгийн аудит, гүйцэтгэлийн аудитын арга зүйн аль тохиромжтойг нь ашиглана.

Сүүлийн үед эрсдэлд суурилах арга хандлагыг санхүүгийн ба гүйцэтгэлийн аудитад өргөн ашиглаж байгаа бөгөөд энэ нь хүн хүч, цаг хугацаа, төсөв зардал гэх мэт аудитын хязгаарлагдмал нөөцийг эрсдэлтэй хэсгүүдэд төвлөрүүлэн оновчтой ашиглах ач холбогдолтой юм.

0.00%
Аудит
бизнес
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.