бизнес, төлөвлөлт, менежмент

Компанийг нийлүүлэх: Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ. Нийлж байгаа компани тус бүрийн төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) нь компанийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ, шинээр бий болсон компанийн дүрэм, компани тус бүрийн үнэт цаасыг шинээр бий болсон компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

Компаниудыг нийлүүлэх тухай шийдвэр, гэрээг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална. Шинээр үүссэн компанийн хувьцаа, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.

Компанийг нэгтгэх: Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ. Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл (хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага) нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ. Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа бөгөөд компанийг нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж удирдаж байгаа компанийн зөвлөлийн төлөөлөн хурал (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал)-аар компанийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, нэгтгэх журмыг баталж болно.

Компанийг өөрчлөх: Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно. Компанийг өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ. Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ. Компанийг өөрчлөх тохиолдолд холбогдох өөрчлөлтийг компанийн оноосон нэр болон дүрэмд тусгана.

Компанийг тусгаарлах (Separating of the company): Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ. Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна. Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) гаргана. Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна.

Компанийг хуваах: Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ. Хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно. Компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинээр компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Компанийг хуваахад түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ.

Компанийн дотоод мэдээллийн систем: Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийн сан бүрдүүлэх системийг компанийн дотоод мэдээллийн систем гэнэ. Компанийн үйлдвэрлэл, санхүү, хүний нөөц, маркетинг гэсэн нэгж, хэлтэс бүр өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бий болгодог ба эдгээрийг нэгдсэн сүлжээнд оруулах, хадгалах, ашиглах, цэгцлэх үйл явцыг боловсронгуй болгох шаардлага ихэнх байгууллагуудын хувьд маш чухал юм. Дотоод өгөгдлийн санг байгууллагын архив, тайлан, төрөл бүрийн тэмдэглэл, тушаал, бүртгэл зэрэг бичиглэлээс бүрдүүлэх боломжтой. 

0.00%
бизнес
төлөвлөлт
менежмент
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.