хөрөнгө оруулалт, бонд

Арилжааны банк болон санхүүгийн бусад байгууллага эрсдэл ихтэй зээл өгөхөөс зайлсхийдэг. Үүний зэрэгцээ зарим банк тухайн үед капиталын өөрчлөлт хийх зэрэг шалтгааны улмаас компаниудын хүссэн зээлийг өгч чадахгүй байж болно. Ийм нөхцөлд компаниуд МӨНГӨ олохын тулд бонд гаргадаг. Засгийн газар ч гэсэн нэмэлт санхүүжилт олохын тулд бонд гаргана. Бонд бол тодорхой хугацааны дараа үндсэн үнийг хүүгийн хамт төлөхийг амласан компани болон Засгийн газраас гаргасан өрийн бичиг (хэлцэл) юм. Бондын хүү нь бонд худалдан авагчаас зээлдэж авсан мөнгийг ашигласны төлөө төлж буй төлбөр юм. Бондын хүүгийн хувь хэмжээ нь улс орны эдийн засгийн байдал болон тухайн компанийн нэр хүндээс хамаардаг. Мөн Засгийн газрын бондын хүүгийн хувь хэмжээ бусад бондын хүүгийн хувь хэмжээг тогтооход нөлөөлдөг. Бондын нүүр хуудас дээр бичсэн үнийг үндсэн үнэ гэнэ. Бондын үндсэн үнийг төлөх хугацааг төлбөрийн хугацаа гэнэ. Төлбөрийн хугацаа янз бүр байна. Зарим бонд хэдхэн сарын хугацаатай байхад зарим нь 10-20 жилийн хугацаатай байна. Бонд гаргаж худалдах нь дараах давуу талтай.

Үүнд:

  1. Бонд эзэмшигч нь компанийн дотоод асуудалд оролцож, санал өгөх эрхгүй. Иймд компани үйл ажиллагаандаа өөрөө хяналт тавина.
  2. Бондын хүү нь татвар ногдуулах орлогоос хасагдах зардлуудад ордог учир компанийн төлөх татварын хэмжээг бууруулна.
  3. Бонд нь компанийг санхүүжүүлэх түр зуурын эх үүсвэр болдог.

Гэхдээ бонд сөрөг талтай.

Үүнд:

  1. Бонд компанийн өрийг нэмэгдүүлнэ.
  2. Бондын хүүг заавал төлөх ёстой.
  3. Бондын үндсэн үнийг төлбөрийн хугацаа болмогц төлөх ёстой. Энэ нь компанийн бэлэн мөнгөний нөөцийг багасгана.

Бондыг дотор нь баталгаагүй ба баталгаатай гэж ялгадаг. Компанийн зөвхөн нэр хүнд, зээлийн өндөр рейтинг зэрэгт дулдуйдан гаргасан бондыг баталгаагүй бонд гэнэ. Баталгаатай бонд нь бодит өмч хөрөнгөөр баталгаажсан байдаг. Тусгай нөөцийн дансанд хуримтлуулж, төлбөрийн хугацаа болмогц бондын үнийг төлөхөд зориулагдах санг компаниуд байгуулдаг. Зарим бондыг буцаах нөхцөлтэйгөөр гаргадаг. Жишээ нь, тухайн компани 2012 онд 10 жилийн хугацаатай 100.0 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд бондын жилийн хүү 10% гэж үзье. Хэрэв 2020 онд ийм төрлийн бондын жилийн хүү дунджаар 8 хувь болох юм бол уг компанийн хувьд хуучин гаргасан бонд алдагдалтай болно. Иймд компани бондоо буцаан авч шинэ бондыг арай бага хүүтэйгээр гаргана. Гэхдээ бонд эзэмшигч бонд буцаах нөхцөлд дургүй байдаг. Иймд тэд бонд гаргагчтай бонд буцаахгүй байх хугацааг тохиролцдог. Жишээ нь, 10 жилийн хугацаатай бондыг эхний 5 жилийн дотор буцаахгүй байхаар тохиролцож болно. Түүнчлэн компаниуд хөрвөдөг бонд гаргадаг бөгөөд үүнийг уг компанийн энгийн хувьцаа болгон хөрвүүлж болдог. Бонд гаргаж санхүүжилт хийхийг өр тавьж санхүүжих буюу өрийн санхүүжилт гэнэ.

0.00%
хөрөнгө оруулалт
бонд
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.