Эх байгалиа дээдэлж, эрдэнэт малаа тавлаг өсгөхийг хичээн зүтгэдэг хариуцлагатай малчдаас түүхий эдээ авч, хойч үедээ ухамсарт хэрэглээг төлөвшүүлэхийг зорин бүтээсэн “Тоонот” брэнд нээлтээ хийлээ.
Манай улсын хөдөө аж ахуйн салбарын экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурыг бэлтгэх хэлхээнд оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн дэлхийд ховор, үнэт түүхий эдийнхээ нэр хүнд, үнэ цэнээ хадгалах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх боломжтой.
М-Си-Эс Групп нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд “Тоонот” брэндийг үүсгэн байгуулж, “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандарт буюу мал, бэлчээр, малчдын ахуй байдлыг тал бүрээс нь тавлаг байлгах таван шалгуурыг хангасан түүхий эдээр дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголын ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлд жишиг болгохыг зорьж байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд хөгжүүлсэн “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандарт болон малын гаралтай түүхий эдийг мөшгөх “RMTS” тогтолцоотой холбогдон, үйлдвэрлэлийн шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл мөшгөх системийг ТекПак Групп хөгжүүлснээр иж бүрэн мөшгөх тогтолцоо бүрдэж, бэлчээр дээрээс эхэлж хариуцлагатай замаар бий болсон бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болсон юм.
Тоонот брэндийн ноолуурын бэлтгэлд гурван хоршоо, анхан шатны боловсруулалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үндэсний долоон компани оролцож, загвар дизайныг Этоз брэнд болон Италийн Филио студийн дизайнер Симона нар хамтран гаргасан. Ийнхүү олон талын оролцоо, тууштай хамтын ажиллагааны дүнд ноолуурын салбарт сайн туршлага, тогтвортой хөгжлийг түүчээлэх Тоонот брэндийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж, нөхцөл бүрдлээ.
Уламжлалт нүүдлийн соёлоо хойч үедээ өндөр ёс зүйтэй өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж буй малчдын бэлтгэсэн түүхий эдээр гоо зүйн мэдрэмжтэй ноолууран бүтээгдэхүүн урлаж, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг хэрэглэгчдэд хүргэх эхний алхмаа “Тоонот” брэнд ийнхүү эхлүүллээ.
Олон дахин ашиглах боломжтой сав баглааг хэрэглээнд нэвтрүүлэх, хаягдлыг бууруулах зорилгоор уут, тороо хөвөн даавуу болон дахин боловсруулсан хуванцраар хийсэн зэргээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг ноолуурын ширхэг бүртээ шингээн урласан “Тоонот” брэндийн бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл Шангри-Ла Моллд байрлах үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж сонирхоорой.
текст!