Азийн Хөгжлийн Төлөв 2023 тайлангийн 9 дүгээр сарын шинэчилсэн дугаарт тусгаснаар 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4 дүгээр сард төсөөлсөн 5.4%-иас бараг зэрэг өсч 5.7%, харин 2024 онд өмнөх 6.1%-ийн төсөөллөөс ялимгүй буурч 5.9% байхаар байна. Ирэх онд ДНБ-ий өсөлтийг уул уурхайн салбарын өсөлт, түүний тээвэр агуулах, үйлчилгээний бусад үйл ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөлөл болон хувийн хэвшлийн зээл дэмжихээр байна.
“Эдийн засгийн сэргэлт тэнцвэргүй, салбаруудын үзүүлж буй хувь нэмэр харилцан адилгүй байгаа хэдий ч, эдийн засгийн ойрын хугацааны төлөв тогтвортой бөгөөд эерэг байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фэйбер хэлээд “Үнийн тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг сайжруулах, бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ий өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход эергээр нөлөөлнө” хэмээн онцлов.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ)-ын эдийн засаг дахин нээгдэж, түүний нөлөөгөөр экспорт сэргэсэн, төлбөрийн урсгал дансны тэнцэл мэдэгдэхүйц сайжирсан, гадаад валютын улсын нөөц тогтворжиж улмаар нэмэгдсэн, гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл буурсан зэргээс шалтгаалж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүлээлт энэ оны эхнээс сайжирсан.
Гэвч, инфляц өндөр хэвээр бөгөөд сүүлийн 27 сарын турш төв банкны зорилтот түвшнээс хэтрээд байна. Энэ оны хоёрдугаар хагаст инфляц буурах хандлагатай хэдий ч, сүүлийн 12 сарын дундаж инфляц 2023 онд өндөр буюу 10.5%, 2024 онд 8.6% байх төсөөлөлтэй байгаа нь энэ оны 4 дүгээр сарын төсөөллөөс ялимгүй бага байна.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, металлын үнэ унах, худалдааны шинэ хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал, санхүүжилтийн нөхцөл чангарснаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврууд, дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал ба удаашрал, хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах зэрэг болно.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
текст!