хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд

Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг. Хувьцаа бол тухайн компанийн өмчийн тодорхой хувийг өмчлөх эрх юм. Хувьцаа гаргасан компанийн нэр, өмчлөх өмчийн хувь хэмжээ, хувьцааны хэлбэр зэргийг заасан үнэт цаасыг хувьцааны сертификат гэнэ. Заримдаа сертификат дээр хувьцааны хувь хэмжээнд ногдох мөнгөн үнэлгээг заасан байдаг. Хувьцаа эзэмшигч нь компаниас ногдол ашиг авна. Ногдол ашиг бол хувьцаа эзэмшигчид хуваарилж буй компанийн ашгийн хэсэг юм.

Хувьцаа гаргах нь дараах давуу талтай. Үүнд:

  • Хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн хамтран өмчлөгч учир тэдний оруулсан хөрөнгийг эргүүлж төлөхгүй. Компани уг хөрөнгөөр газар, барилга, тоног төхөөрөмж, бусад капитал худалдан авах боломжтой болно.
  • Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг заавал төлнө гэсэн хууль ёсны үүрэг байхгүй.
  • Хувьцаа худалдах нь компанийн тайлан тэнцлийг сайжруулж, санхүүгийн чадавхыг бэхжүүлнэ. Учир нь хувьцаа бол өр биш.

Гэхдээ хувьцаа гаргах нь бас сул талтай. Үүнд:

  • Хувьцаа эзэмшигч нь захирлуудын зөвлөлийг сонгоход оролцох эрхтэй. Иймд тэд компанийн дотоод бодлогыг тодорхойлоход оролцох боломжтой болдог.
  • Ногдол ашгийг татвар төлсний дараах ашгаас төлдөг. Харин бондын хүүг татвар ногдох орлогоос хасаж тооцдог.

Компанийн менежментийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчийн сонирхолд нийцүүлэх шаардлага гардаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг Хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ.

Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна. Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх ба компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно. Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх бөгөөд тухайн компанийн нэг төрлийн хувьцааны нэрлэсэн үнэ ижил байна. Хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргахыг хориглоно. Хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдана.

Энгийн хувьцаа нь компанийн захирлуудын зөвлөлийг сонгох, ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан үед түүнийг авах эрхийг хангадаг. Хувьцаа эзэмшигч нь хувьцааны хувь бүртээ нэг саналын эрх эдэлнэ. Энгийн хувьцаа эзэмшигч компанийн шинэ хувьцааг түрүүлж худалдан авах эрхтэй. Энгийн хувьцаа нь илүү эрсдэлтэй. Учир нь уг хувьцааг эзэмшигч нь бонд болон давуу эрхтэй хувьцаа эзэмшигч хүү, ногдол ашгаа эхэлж авсны дараа л ногдол ашгаа авах эрх эдэлдэг. Мөн компани хаагдах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигч нь мөн л бонд, давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийн дараа үлдсэн хувь хөрөнгийг хувааж авна. Гэхдээ энгийн хувьцаа эрсдэл ихтэй ч заримдаа өндөр ногдол ашиг авдаг. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, компани татан буугдах нөхцөлд оруулсан хөрөнгөө эргүүлж авахад давуу эрх эдэлнэ. Давуу эрхтэй хувьцаа нь бонд ба хувьцааны аль алиных нь онцлогийг тусгасан байдаг. Уг хувьцаа дээр гол төлөв үндсэн үнийг тэмдэглэсэн байдаг. Энэ үндсэн үнэ нь ногдол ашиг тооцох үндэслэл болно.

Жишээ нь, Хувьцааны үндсэн үнэ 100$, ногдол ашгийн хувь 7 бол уг компани нэгж хувьцаанд 7$-ын ногдол ашиг төлнө. Ногдол ашгийн энэ хувийг цаашид жилээс жилд өөрчлөхгүйгээр тогтвортой түвшинд мөрддөг. Үүгээрээ бондын хүүтэй адил. Давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийг энгийн хувьцааны ногдол ашиг хуваарилахаас өмнө бүрэн хэмжээгээр төлсөн байх ёстой. Харин бондын хүү, үндсэн үнийг заавал төлөх ёстой. Давуу эрхтэй хувьцаа нь бас давуу эрхтэй хуримтлагдсан хувьцааны хэлбэртэй байж болно. Энэ нь нэг буюу хоёр удаа ногдол ашиг төлөгдөөгүй бол тэдгээрийг хуримтлуулан энгийн хувьцааны ногдол ашгийг хуваарилахаас өмнө төлнө гэсэн үг.

0.00%
хөрөнгө оруулалт
хувьцаа
бонд
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.